Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Лу Алтан Товч

  • (1995 он) Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • (2010 он) Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн.
  • (2011 он) ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн.
Зохиогч: Лувсанданзан
Холбогдох он цаг: 1651 он
Материал, Иж бүрдэл: Болгомол цаасан дээр хар бэхээр модон үзгээр бичсэн
Бичиг: Уйгуржин монгол (Erten-ü qad-un ündüsülegsen törü yosun-u ǰokiyal-i tobčilan quriyaɣsan altan tobči kemekü orusibai)
Хэмжээ: Цаасны хэмжээ 62.8х18.8 см, бичвэрийн хэмжээ 49.2х14.4 см, зузаан-4.7 см, жин 2500 гр. 1 боть 178 хуудас

Лувсанданзаны "Алтан товч"-ийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг Дорнод аймгийн Баянтүмэн хошууны Еншөөбүү овгийн Дарь тайжид хадгалагдаж байсныг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъян гуай 1926 онд олж авчирсан байна. Дарь бол Еншөөбүү овгийн тайж, дээд үеэ их сайн мэддэг, төөлүүр (нэрийн цэс) сайн мэддэг хүн байсан. Тайж нарын төөлүүрийг бараг цээжээр хэлдэг байсан. Дарь тайж бичигт сайн, тамганд түшмэлээр суудаг байсан гэх мэдээ байдаг. "Алтан товч"-ийг зохиогчийнх нь нэрийг оролцуулж "Лу Алтан товч" хэмээн нэрлэх нь ч бий.

"Алтан товч" нь ‘Монголын нууц товчоо’-ны 282 зүйлээс 233 нь бараг тохирч байдаг учраас "Монголын нууц товчоо"-ны монгол бичгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг нь энэ сурвалж бичгийн үнэ цэнийг илэрнхийлж байдаг. "Монголын нууц товчоо"-ны монгол бичгээр үлдсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол үгийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын эх бичиг олдсон нь өнөөгийн нууц товчооны эх сурвалж болсон юм. Үүнийг Цэнд гүн монгол хэлэнд орчуулж хуучин монгол бичгээр хөрвүүлэн, улмаар Ц.Дамдинсүрэн гуай орчин цагийн монгол хэлнээ буулган олны хүртээл болгосон билээ.

"Монголын нууц товчоо"-ны 12 бүлгээс 6-р бүлгийн төгсгөл, 7,8-р бүлэг бүхлээрээ, 12-р бүлгийн төгсгөл нь "Алтан товч"-д байдаггүй байна. Мөн "Монголын нууц товчоо"-д байхгүй сонирхолтой мэдээ баримт, яруу найраг, аман зохиол, алдартай туульсын хэсэг ‘Алтан товч’-д нэлээд байдаг. Жишээлбэл: "Монголын нууц товчоо"-д Есүхэй баатрыг насан эцэслэхэд Тэмүүжиний гашуудсан тухай шүлэглэл байдаггүй бол "Алтан товч"-д энэ тухай тусгай шүлэг байдаг. Мөн өнчин хөвгүүн 9 өрлөгтэй сэцэлсэн тухай гээд "Монголын нууц товчоо"-д байдаггүй олон сонирхолтой мэдээг агуулсан үнэ цэнэтэй бүтээл юм. Юань гүрэн мөхөх үеийн Тогоонтөмөр хааны гашуудлын шүлэг гэх мэт өнөөгийн цаг үед биеэ даасан яруу найраг болон бидэнд танигдсан агуулгуудыг мөн багтаажээ. Мөн Лувсанданзан зохиогч өөрөө тухайн нийгмээ шүүмжилж байсан санал дүгнэлтүүдээ ч бас оруулсан байдаг юм. Төгсгөлийн 15, 16-р бүлгүүдэд Юань гүрний задрал болон Монголын хаадын тэмцэл, Батмөнх Даян Хааны удам судрыг өгүүлсэн түүхийг өгүүлсэн байдаг.

Түүнчлэн монгол овог аймгийн үүсэл, Монголын хаадын угсаа залгамжлал хийгээд Энэтхэг, Төвөдийн шашин төр баригч чакравадин хаадын түүх мөн Монголын эзэнт гүрний түүхийг Чингис хаанаас Лигдэн хаан хүртэлх үеийн чухал үйл явдлуудыг тоочих замаар бус, уран сайхны аргуудыг ашиглан бичсэнээрээ чухал онцлогтой хэмээн эрдэмтэд үздэг. "Алтан товч" бичигдэх цаг үед Монголд Буддын шашин эрчимтэй дэлгэрсэн байсан үе болох учир Буддизмын холбогдолтой нэр томъёог мөн өргөн ашиглажээ.

Уг эх сурвалж нь Өрнө дахины Монгол судлалд "Алтан товч нова" хэмээн алдаршсан. Онходын Жамъян гүн уг судрыг өөрийн гараар хулсан үзгээр хуулан бичжээ. Тэрээр Францын монголч эрдэмтэн П.Пеллиод явуулсныг П.Пеллио судалгаандаа ашиглаж байгаад хожим Францын үндэсний номын санд хадгалах болжээ. Лувсанданзаны "Алтан товч"-ийг хамгийн анх хуулан, нягтлан судалсан хүн бол Онходын Жамъян гүн ажээ. "Алтан товч"-ийн бас нэг хуулбар нь Санктпетербургийн Дорно дахины судлалын хүрээлэнд хадгалагдаж байдаг. Түүнээс хойш Ж.Цэвээн, С.А.Козин, Ф.В.Кливез, А.Мостаерт, В.Хайссиг, Н.П.Шастина, академич Ш.Бира, академич Л.Лигети, М.Н.Орловская, Ш.Озава зэрэг олон эрдэмтэн мэргэд судалсан байна.

Оросын эрдэмтэн Ц. Жамсрано палеографын шинжилгээнд үндэслэн XII зуунд зохиогдсон эх нь бус XIII зуунд бичигдсэн хэмээн үзсэн байдаг. "Алтан товч" нь түүхийн чухал сурвалж бичиг болохоос гадна XII-XIII зууны үеийн Монгол хэлний судлалын чухал хэрэглэгдэхүүн болно.