Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг

  • (2025 он) Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн.
Эмхэтгэгч: Манжийн Энх-Амгалан хааны зарилгаар Францын Иезуитийн нийгэмлэгийн гишүүд бүтээсэн ба хожим иезуит санваартан Доминик Парренин гүйцээн боловсруулав.
Холбогдох он цаг: (1661–1722)
Материал, иж бүрдэл: Бийрээр бичиж, утсаар үдэн хавтасласан гар бичмэл; улаан болон хар хөх өнгийн даавуун хавтастай
Бичиг: Хуучин монгол бичиг
Боть: 2 боть, нийт 6 дэвтэр

Энэхүү эртний гар бичмэл нь XVIII зууны дунд үеэс өрнийн болон уламжлалт анагаах ухааны мэдлэгийг хослуулан хэрэглэж байсныг нотолдог. Түүхэн талаас нь авч үзвэл, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг”-ийг эртний Монголын анагаах ухааны сургуулиудад хүний биеийн бүтцийг судлах сурах бичиг болгон ашиглаж байсан бөгөөд тухайн үеийн эмч нарын судалгааны бүтээл байжээ.

Тус гар бичмэлийг бүхэлд нь хуучин монгол бичгээр туурвисан бөгөөд Европын Сэргэн мандалтын үеийн анагаах ухааны нэр томьёог монгол хэлээр буулгаснаараа онцлог юм. Энэхүү дурсгал нь өрнийн болон дорнын анагаах ухааны өвөрмөц онцлогийг цогцоор нь тусгасан анагаах ухааны зохиолын шинэ төрөл бий болсныг гэрчилдэг. Мөн орчин үеийн анагаах ухаан Монголд нэвтрэн дэлгэрэхээс өмнө өрнийн анагаах ухааны мэдлэг хэдийн түгсэн байсныг нотлон харуулдаг.