Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Есөн эрдэнийн Ганжуур

  • (2002 он) Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • (2013 он) ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн.
Холбогдох он цаг: 1819 он
Материал: Болгомол цаасан дээр есөн эрдэнээр бичсэн, торго, даавуу, будаг, сарьс, гууль
Бичиг: Төвөд
Хэмжээ: Нийт 110 боть. Дундаж хэмжээ: Цаасны хэмжээ 70.5х16.5 см, бичвэрийн хэмжээ 50.0х12.0 см. Жин 12000-15000 гр

Ганжуур гэдэг нь “Зарлигийн орчуулга” гэсэн төвөд үг юм. Төвөдүүд Бурхан багшийн өөрийнх нь айлдсан зарлигийг (Buddhavacana) эмхэтгэн Ганжуур хэмээн нэрлэсэн юм. Эх сурвалжийн хувьд зөвхөн Санскрит эх бус, эртний Энэтхэгийн хэлнүүд мөн Хятад хэл дээрх эх сурвалжуудыг ашиглан Ганжуурыг бүтээжээ. Ганжуурын барууд болон ялгаатай орчуулгуудаас шалтгаалан ботийн тоо харилцан адилгүй байдаг. Ганжуур нь ерөнхийдөө Тарни (Tantra), Винай (Vinaya), Билиг барамид (Prajñāpāramitā), Эрдэнэ давхарласан (Ratnakūṭa), Олонхи (Buddhāvataṃsaka) гэсэн агуулгатай байдаг. Анх эхлэн Нартан Ганжуур Монголын Буянт хааны (1311-1320) үед бүтээгдэж байснаас хойш Ганжуурын маш олон барууд, гар бичмэлүүд бүтээгдэж байсан байна. Түүний дотроос үнэт материалаар бүтээгдсэн гэдгээрээ Есөн эрдэнийн Ганжуур нь аргагүй онцгой баримтат өв болно. Хүн төрөлхтөний түүхэнд номыг хүндэтгэн элдэв үнэт материал ашиглан гайхамшигт чамин ур хийцтэйгээр бүтээж байсан түүх маш олон боловч бүхэл бүтэн 110 ботийг үнэт эрдэнээр бүтээнэ гэдэг нь маш ховор тохиолдол юм. Тиймээс энэ нь Есөн эрдэнийн Ганжуурын дахин давтагдашгүй үнэ цэнийг тодорхойлж байгаа юм.

Есөн эрдэнийн Ганжуур нь 110 боть, 1600 гаруй судруудыг багтаасан бөгөөд буддын салбар ухааны судрууд голлож байгаа боловч, түүх цадиг, үлгэр тууж, яруу найраг, жүжгийн зохиолуудыг багтааж байдгаараа агуулгын хувьд баялаг юм. Есөн эрдэнийн Ганжуур нь монголчууд эрт үеэс өөрсдийн дээдэлж эрхэмлэж ирсэн үнэт эрдэнэс болох алт, мөнгө, шүр, сувд, номин, оюугаас гадна зэс, ган, таныг нарийн жороор боловсруулан бэх бэлдэж, тусгайлан боловсруулсан хар цаасан дээр эрдэнүүдээр бүтээсэн бэхээр тодорхой дэс дараалалтайгаар эгнээ эгнээгээр нь бичсэн нэн ховор судар юм.

Есөн эрдэнийн Ганжуур судар нь хэдэн зууны өмнө олон арван алдартай бичгийн мэргэдийн гараар бичигдэж, монгол зургийн аргаар бурхан шүтээн, тахилын зураг, монгол хээ угалз сэлтийг дээд зэргийн уран сайхнаар бүтээсэн тэр хэвээрээ шахам хадгалагдаж ирсэн билээ. Энэхүү бүтээл нь яахын аргагүй монгол лам, мэргэд, зураач урчуудын ер бусын гайхамшиг, итгэл бишрэлийн дээд болон бүтээгдсэн оюуны өв юм гэдэг нь судрын доторх олон зургуудаас харагдана. Зургууд нь дан ганц бурхад, бодисатва нарыг зурсан бус бар, яст мэлхий, шувуу зэрэг олон амьтад, байгалийн үзэсгэлэнг тэнгэр эрхэстэй нь зурж дүрсэлсэн байдаг аж.

Есөн эрдэнийн Ганжуурыг агуулгыг судлаж, бүрэн гарчгийг одоогоор хийгээгүй байгаа тул агуулгыг болон бусад Ганжуурын хувилбаруудаас хэрхэн ялгарах байдлыг тайлбарлан өгүүлэх боломжгүй байгаа нь харамсалтай юм.

XVIII зууны сүүлчээр VII Далай лам Төвөдөөс гарч монгол нутгаар аялж явахдаа Төв Халхын Эрдэнэ зуу хийдэд морилон саатаж, Дүйнхорын ван тавихад нь хийдийн зүгээс бүтээгээд удаагүй байсан Есөн эрдэнийн Ганжуур судрыг өргөсөн гэдэг яриа бий. Далай лам Их хүрээнд морилж Богд гэгээнтэнтэй уулзахдаа мөнөөх Есөн эрдэнийн Ганжуурыг манай Гандан хийдийн Дашчоймпэл дацанд өргөжээ. Ийнхүү 1841 оноос хойш Их хүрээний зүүн дацан болох Дашчоймпэл дацанд залагдаж байгаад тус дацан хаагдах үеэс /1930-аад оноос/ Үндэсний номын сангийн сан хөмрөгт иржээ.

Есөн эрдэнийн “Ганжуур”-ын судар нь Бурханы шашинт Монголчуудын чин ариун сүсэг бишрэл, буян өргөл, ур ухааны шингэсэн хосгүй үнэт бүтээл, бичиг соёл, уран зургийн гайхалтай зохицол нийлэмж, урлахуйн уламжлалт нууц арга ухаан, эрдэнэс ашиглан цогцоор нь шингээсэн гэдгээрээ Монголын төдийгүй хүн төрөлхтний оюун санааны давтагдашгүй өв дурсгал юм.