Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Сахиусан дара эх

  • (2002 он) Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • (2014 он) Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн.
Бүтээгч: С.Шагж
Холбогдох он цаг: XX зууны эхэн үе
Материал, иж бүрдэл: Орос цаас, хар бэх, улаан шунх
Бичиг: Төвөд
Хэмжээ: 4.9x5.4 см, бичвэрийн хэмжээ 4.5x5 см, зузаан 0.08 мм, жин нь 0.2 гр

Монголчууд эртнээс нааш ном судрыг янз бүрийн хэмжээтэй бүтээж ирсэн түүхтэй. Ингэхдээ бурханы шашны их хөлгөн судрыг маш том хэмжээтэй бичиж барлахаас гадна, алт мөнгө, 9 эрдэнээр бүтээж байсан бол маш жижиг хэмжээгээр ч ном судрыг урлаж байжээ. Үүний нэг жишээ гэвэл “Сахиусан дара эх” бүтээл юм. Энэ нь XX зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, эрдэмтэн С.Шагжийн (1886-1938) бүтээсэн “Сахиусан дара эх” буюу Ногоон, Цагаан Дара эхийн төвөд бичмэл судар юм.

Нийтдээ төвөд хэлний 62 шүлэг буюу бадаг, 250 шад буюу мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ 8228 тэмдэгтийг багтаажээ. Ногоон, цагаан дара эхийн судар нь урт барын хэмжээгээр бичиж барлахад 10-аад хуудас болдог бөгөөд ийм хэмжээний судрыг бүрэн эхээр нь гүйлгэн бичдэг шар үсгээр биш тогтуун бичдэг сав үсгээр ийм жижигхэн зайд 79 мөрөөр улаан хар бэхийг алаглуулан бичсэн нь энэ номыг бүтээгч Шагж гуайн ямар уран чадварыг эзэмшсэн болохыг, мөн өв нь ч гэсэн яахын аргагүй урлахуй ухааны гайхамшгийг харуулсан онцгой бүтээл юм. Тус номыг бүтээхдээ зуны хурц нартай өдөр гэрийнхээ өрхийг битүүлэн татаад хуруу хэрийн нүх гаргаж түүгээр туссан алганы толион чинээ нарны хурц гэрэлд маш нарийн үзүүртэй үзэг буюу бийрээр бичдэг байсан гэдэг. Энэхүү номыг бүтээхэд нягт нямбай байдал, ур ухаан нь хүн төрөлхтөний үнэт өв болох нь гарцаагүй юм.

Уг номын ар талд Шагж гуай өөрийн гараар Ногоон дара эх хэмээн хар бэхээр хялгасан бийрээр монгол бичгээр бичсэн байдаг. Харин Цагаан дара эх номыг дурдаагүй учир хожмын хүмүүс гагц Ногоон дара эх судраар төсөөлдөг байсныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р. Отгонбаатар судалж үзээд, Ногоон, Цагаан дара эх судар хоёулаа болохыг тогтоон “Сахиусан дара эх” хэмээн нэрлэсэн ажээ.

Энэхүү ховор чухаг бичмэлийг эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн олон жил хадгалж байгаад одоогоос гуч гаруй жилийн тэртээ Улсын номын сангийнхан Ховор хуучин ном судрынхаа дээжсээс тусгай үзэсгэлэнгийн танхим байгуулахад нь 1980 оны 10 сарын 24-нд бэлэг болгон маш жижгээр барласан “Арван бурхны тангараг” (Sangs rgyas bcu”i dam tshig) гэдэг төвд ном, бас жижиг хар цааснаа алтаар бичиж бүтээсэн “Сандуйн жүдийн хураангуй” гэх 10 хуудастай хоёр жижиг номын хамт бэлэглэж байсан түүхтэй ажээ.

“Сахиусан дара эх” судрын дотоод агуулгыг нарийвчлан харьцуулан судалсан судалгаа одоогоор хийгдээгүй байна.