Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Монгол шунхан Данжуур

  • (1995 он) Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • (2011 он) ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн.
Эмхэтгэгч: Жанжаа Ролбийдорж
Холбогдох он цаг: 1749
Материал, иж бүрдэл: Хятад цаас, улаан шунх, зандан мод, 226 боть, 3427 гарчиг
Бичиг: Уйгуржин монгол
Хэмжээ: Өргөн 22.7 см, урт 72.8 см, зузаан 11.5, бичвэр 60.8 х 11.5 см, жин 8750 гр

Төвөдүүд анхлан Буддын их хөлгөн судруудыг орчуулахдаа Ганжуур, Данжуур хэмээн ангилан орчуулсан билээ. Данжуур хэмээх нь “Шастирын орчуулга” хэмээсэн төвөд үг бөгөөд эртний Энэтхэг, Төвөдийн эрдэмтэн мэргэдийн их, бага таван ухаанаар туурвисан 4000 гаруй зохиолын их цоморлиг юм. Будон Ринбоче (1290-1364) тэргүүтэй эртний мэргэд анхлан Данжуурыг эмхэтгэжээ.

Буддизмын их хөлгөний судрууд анхлан VII зуунд Хятад хэлнээ орчуулагдаж түүний дараагаар XIII зуунд Төвөд хэлэнд Данжуур бүтээгдэж түүнээс нэлээн хойно XVIII зуунд Монгол хэлнээ орчуулагдсан юм. Одоогийн байдлаар судлаачдын олж илрүүлсэн Кидан, Хотон, Тохар, Манж гэх мэтээр бурхан багшийн зарлиг болох Ганжуурын орчуулагдсан хувилбарууд нэлээн хэд буй боловч дараа үеийн мэргэдийн бүтээлүүд болох шасдирын цоморлиг тухайн хэлүүдээр бүтээгдээгүй юм. Гэхдээ бид Данжуурт багтдаг судрууд Хятад ханзаар буй хөлгөн судруудад байхгүй гэж ташаа ойлгож болохгүй юм. Хятадын Шинфү (蜀本) хувилбар болон Солонгосын Палмандэжангён (八萬大藏經), Японд бүтээгдсэн Тайшо Шиншү Дайзуко (大正新脩大藏經) хэмээгдэх их хөлгөн судруудын цоморлигууд нь ханз бичгээр буй бөгөөд бурхан багшийн болон түүний дараа үеийн мэргэдүүдийн бүтээлүүд ихэнхдээ багтсан боловч анхнаасаа дотоод зохион байгуулалтыг хийхдээ Төвөдүүдийн ангилсан шиг бурханы зарлиг болох Ганжуур, мэргэдийн бүтээл болох Данжуур гэж ангилаагүй юмаа гэдгийг цохон дурдах нь зүйтэй. Эндээс Монгол Данжуурын бусдаас ялгагдах онцлог шинж гарч тодорхойлогдож байгаа юм. Буддизмын орчуулгын түүхэнд Хятад болон Төвөд хэлнээс гадна Буддын их хөлгөн судруудыг бүрэн орчуулсан гуравдагч хэл бол Монгол хэл юм. Өөрөөр хэлбэл их хөлгөний агуулга бүхий судруудыг багтаасан эх сурвалж бол Монгол Данжуур юм. Иймээс Монгол Данжуур нь хүн төрөлхтөний бүтээсэн оюуны хосгүй үнэт өв мөн. Монгол Данжуурын бүрэн гарчгийг хэвлүүлж байсан боловч цэгцтэй харьцуулсан судалгаа одоогоор тийм ч хангалттай бус байсан. Гэхдээ өнөө үед эрдэмтэд Монгол Данжуурын судалгаанд анхаарлаа хандуулж эхэлж байгаа нь таатай хэрэг юм.

XIII зуунаас эхлэн Буддын их хөлгөн судруудаас Монгол хэлэнд орчуулагдаж байсан боловч Ганжуур гэсэн ойлголтын доор судар номыг Монгол хэлнээ орчуулах болсон нь Намудай Сэцэн Хааны (1586 -1607) үеэс эхлэлтэй бөгөөд Лигдэн Хутагт Хааны үед (1603-1629) гар бичмэл Ганжуур бүтээгдэж байжээ. Энэ үйл явцтай адилаар Данжуурт багтах судруудаас Монгол хэлнээ орчуулах ажил эртнээс хийгдэж байсан боловч “Данжуурыг Монгол хэлнээ орчуулах” хэмээгдэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа албан ёсоор Тэнгэрийг Тэтгэсэн хааны (1736-1796) зарлигаар үйл хэрэг болсон. Энэ тухай Тууган гэгээн Лувсанчойжийням бээр Жанжаа хутагт Ролбийдоржийн дэлгэрэнгүй намтарт өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Данжуурын гарчгийн оршил хийгээд То вангийн Цагаан толгойд өгүүлж буй мэдээнээс үзэхэд Данжуурыг орчуулж хэвлүүлэх хааны зарлиг Найралт Төв хааны хоёрдугаар он буюу 1724 онд гарсан бөгөөд монгол гүүш нар 1717-1720 оны үед бэлтгэл ажил болох Данжуурыг бүртгэн орчуулах ажил нэгэнт эхэлсэн гэж үздэг ч албан ёсоор орчуулан эмхэтгэх үйл ажиллагаа гуравдугаар Жанжаа Ролбийдоржийн (1717-1786) удирдлагаар Монголын олон нутаг хошуудаас цугларсан 200 орчим хэлмэрчид Төвөд Данжуурыг түшиглэн Санскрит болон бусад хэлээр орчуулагдан гарсан байсан шасдируудыг харьцуулан судлаж Монгол хэлнээ орчуулан барлаж Монгол Данжуурыг бүтээсэн. Мөн энэ үед Монгол Данжуурыг бүтээх явцад нэр томъёоны эндүүрлийг арилгах зорилгоор “Мэргэд гарахын орон” хэмээх нэр томьёоны толь бичиг бас бүтээгдсэн. Энэ бүх үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож Жанжаа Ролбийдоржид зөвлөгч хамтрагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ойрад гаралтай Сайн Цогтын Гэгээн Лувсандамбийнямыг (1689-1762) дурдахгүй өнгөрч үл болно. Энэхүү Монгол Данжуурыг бүтээх үйл ажиллагаа 1742-1749 оны хооронд долоон жилд бодит үйл хэрэг болжээ.

1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан цагаасаа эхлэн ховор чухаг ном судар цуглуулж сан хөмрөгөө баяжуулах ажлыг эрчимтэй хийж байсан бөгөөд Монгол шунхан Данжуурын бүрэн ботийг Халхын сайн ноён хан аймгийн засаг хошой Чин Ван Наянтын Цахарын сүрэг хошууны Шашныг бадруулагч сүмд тахиж байсныг Онходын Жамьян гүн 1924 онд үүрд хадгалах гэрээ хийж, 1925 онд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнд залж авчирсан түүхтэй.

Монгол Данжуур судлал нь барууны орнуудад бусад буддын уламжлалтай улсуудтай харьцуулахад ихэд орой эхэлсэн боловч эрдэмтдийн сонирхол татаж эхэлсэн нь сайшаалтай юм. Бүрэн гарчгийг хэвлүүлэх ажлууд хийгдэж байснаас хамгийн сүүлийн байдлаар 1999 онд Бээжинд бүрэн гарчиг хэвлэгдсэн.