Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

Мэргэд гарахын орон судрын модон бар

  • (2012 он) Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
  • (2016 он) Ази-Номхон далайн бүс нутгийн хөвд бүртгэгдсэн.
Холбогдох он цаг: 1924 он
Материал: Мод
Бичиг: Төвөд, Монгол (Dag yig mkhas pa”i “byung gnas, Merged γarqu-yin oron neretü toγtaγaγsan dagyig)
Хэмжээ: 54.5х7.4 см, жин 240-415 гр. (385 ширхэг модон бар, Буриад бар хэмээн нэрлэгдэнэ)

Тэнгэрийг Тэтгэсэн хааны (1736 - 1796) зарлигаар Данжуурыг Монгол хэлнээ орчуулж хэвийг сийлэх болоход Жанжаа хутагт Ролбийдорж хаанд “Мэргэд гарахын орон”-ыг бүтээх хүсэлт тавьжээ. Монгол хэлээр орчуулагдсан бурханы шашны судрууд арвин боловч Монголын олон газрын орчуулагчид өөр өөр нэр томьёо хэрэглэн олон янзын нэр томьёонууд санааг хоёрдуулж орчуулгын ойлгомжгүй байдлыг буй болгож байгаа учраас засан залруулж нэр томьёог жигдлэн стандартад оруулах шаардлагатай хэмээн үзсэн нь “Мэргэд гарахын орон”-ыг бүтээх шалтгаан болжээ. Тийнхүү Буддын ном зохиолыг Монгол хэлнээ орчуулахад гарын авлага болгон “Мэргэд гарахын орон” хэмээх төвөд-монгол толь бичгийг Жанжаа хутагт Ролбийдорж удирдлагаар олон мэргэд оролцон 1742 онд бүтээсэн байдаг. “Мэргэд гарахын орон” толь бичгийг Монголын өнцөг булан бүрт орчуулагчдад түгээн орчуулгын цааз болгон тогтоосон байдаг. “Мэргэд гарахын орон” нь агуулгын хувьд 11 бүлэгтэй.

  1. Барамидын аймаг
  2. Мадхъямакын аймаг
  3. Авидхрамын аймаг
  4. Винайн аймаг
  5. Тогтсон тааллын аймаг
  6. Тарнын аймаг
  7. Учир шалтгааны ухааны аймаг
  8. Дуун ухааны аймаг
  9. Урлахуйн ухааны аймаг
  10. Тэжээхүй ухааны аймаг
  11. Шинэ хуучин дохионы аймаг

Энэ нь нэр томьёоны толь бичиг төдийхөн бус үргэлжилсэн үгээр бичигдсэн тухайн салбар ухаануудын үндсэн гол агуулгыг (rtsa ba) илэрхийлсэн дэлгэрэнгүй агуулга бүхий зохиолууд болно. Мөн “Мэргэд гарахын орон” нь судар номыг Төвөд хэлнээс Монгол хэлнээ орчуулах арга зүй, онолыг багтаасан байдаг нь XVIII зуунд Монголын орчуулгын онолын чиг баримжаа ямар байсныг илэрхийлэх чухал баримт бичиг болно. Түүгээр ч зогсохгүй Энэтхэг, Хятад, Монгол, Манжид дээдийн ном хэрхэн дэлгэрсэн тухай өгүүлэхээс гадна төгсгөлийн бүлэгт Төвөд хэлний хуучин нэр томьёог хэрхэн Монгол хэлнээ орчуулах тухай агуулгыг илэрхийлсэн байдаг.

1742 онд “Мэргэд гарахын орон” судрын анхны модон барыг сийлж Бээжинд олон хувиар хэвлэсэн боловч харамсалтай нь анхны модон бар хадгалагдаж үлдээгүй байна. Харин Бээжин барын судрууд нь нэлээн түгээмэл хадгалагдан үлдсэн байна. Бээжингийн номын сан болон Гааданжинчаглин (雍和宫, Юнхегүн) хийдэд бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа мэдээ байна.

1921 оны хувьсгалын дараа тухайн үеийн идэвхи бүхий сэхээтнүүд өөрийн үндэсний оюуны бүтээлээ баталгаажуулж авахыг тулд модон барыг нь дахин бүтээлгэсэн нь “Мэргэд гарахын орон” нь Монгол түмний үнэ цэнтэй оюуны их бүтээл болох баталгаа нь мөн. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн захиалгаар Буриадын Агын дацанд “Мэргэд гарахын орон”-ы модон барыг дахин сийлүүлжээ. Монгол улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөн тусгаар тогтнолоо олж аваад байсан цаг үед Монголчуудын үндэсний үзэл сэргэсэн мөн өөрсдийн өв соёлоо, үнэ цэнтэй бүтээлүүдээ уламжлуулан хадгалах асуудал чухал болж байсан тэр цаг үед чухам онцлон “Мэргэд гарахын орон”-ын модон барыг дахин сийлүүлсэн гэдэг нь түүхийн чухал баримт юм.

Монгол аймгууд X зуунаас, Монголчууд XIII зуунаас модон бараар ном хэвлэж байсан ба энэ уламжлал нь XX зуун хүртэл уламжилсан тухай үйл явдлыг харуулсан хамгийн сүүлчийн бүрэн бүтнээрээ байгаа төлөөлөл юм. Нөгөө талаас орчин үеийн хэвлэх үйлдвэр үүсч хөгжсөнөөс 13 жилийн дараа уламжлалт ном хэвлэх аргаар “Мэргэд гарахын орон” толь бичгийн модон барыг бүтээсэн нь бас нэг онцлог тал юм.

“Мэргэд гарахын орон” нь оюуны үнэт өв төдийгүй судалгааны чухал сурвалж бичиг болохоос гадна монголчуудын төдийгүй Ази дорно дахины орнуудын шинэ үед уламжлалт аргаар ном хэвлэсэн түүхэн гэрч болно.