Данжуурын гэрэлт хөшөө
- (2017 он) ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд Монгол шунхан Данжуурын нэмэлт болж (inclusion) бүртгэгдсэн.
Монголчууд эрт үеэс хад чулуу, хөшөө дурсгал дээр түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичиж үлдээсээр ирсэн баримт олон бий. Үүний нэгэн төлөөлөл бол 1928 оноос эхлэн урласан Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө юм.
Тус хөшөөг Монгол шунхан Данжуурын 226 ботийг 1924 онд нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн юм. Сайн ноён хан аймгийн Засаг Чин ван Наянтын Цахарын сүрэг хошууны Шашныг бадруулагч сүмд хадгалагдаж байсан Монгол шунхан Данжуурын 226 ботийг Монгол улсын судар бичгийн хүрээлэнг төлөөлж анхны дарга Онходын Жамъян гүн, жонон ван Ширнэндамдин нар Бээжинд очиж Наянт вантай гэрээ байгуулж, гарын үсэг зурж Монгол шунхан Данжуурыг Судар бичгийн хүрээлэнд олж авсан түүхтэй бөгөөд тэрхүү хүлээн авч байгуулсан гэрээг хуулбарлан бичсэн хөшөөг боржин чулуугаар босгож, үеийн үед мөнхжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон түүхтэй.
Тус гэрэлт хөшөөг улсын музейн эрхлэгч Н.Дэндэв (1891-1960) 1928 оноос эхлэн урласан бөгөөд ямар нэг хэв загварт баригдаагүй, бүтээгчийн уран чадварыг илэрхийлсэн уламжлалт чулуун суурьтай бүтээл бөгөөд хүн төрөлхтөнд номыг дээдлэн шүтэх, хүндэтгэн үзэх, хадгалан хамгаалах үзлийг уламжлуулснаараа онцлогтой.
Хоёр луу бие биеэ ороосон байдлаар титэм хэсгийг дүрслэсэн бол суурь хэсэгт чандмань хээ бүхийг цэцэг дүрсэлсэн байна. Мөн хөшөөний гол хэсгийн өвөр талд 13 мөр, ар талд 6 мөр бичгийг сийлжээ. Энэ нь 9 зүйл бүхий гэрээ бөгөөд 1924 оны 10 дугаар сарын 28-нд байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлдсэн бөгөөд тус гэрээг хөшөөний гол хэсэгт сийлэн, зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянтын тамга, баруун дээд хэсэгт Монгол улсын Ардыг гэгээрүүлэх яамны тамга болон гэрээ хийсэн 3 хүн болон бүтээгч гээд нийт 4 хүний гарын үсгийг агуулсан чулуун өв юм.
Н.Дэндэв 1928 оноос эхлэн тус гэрэлт хөшөөг урласан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас дуусгаж чадалгүй орхисон бөгөөд хожим 1955 онд үлдсэн цөөн хэдэн үсгээ сийлэн дуусгажээ. Ийнхүү 37 насандаа хөшөөг хийж эхэлсэн бөгөөд 1955 онд 64 насандаа дутуу орхисон 64 үсгийг гүйцээн сийлсэн байна. Энэ нь тухайн хувь хүнээс хир их тэвчээр зүтгэл гарсныг илэрхийлж байгаа юм.
Уг гэрэлт хөшөө нь номыг хадгалан хамгаалах тухай үүрдийн гэрээг сийлэн баримтжуулсан хаана ч давтагдашгүй цор ганц, жинхэнэ эх төрхөөрөө байгаа өв юм. Данжуурын гэрэлт хөшөө нь дэлхийн өвийн тухай баримт мэдээллийг агуулсан, номд зориулан бүтээгдсэн, номын эзэмшигчийг МУҮНС болгон хөшөөнд мөнхөлсөн чухал ач холбогдолтой баримтат өв юм. Энэ нь мөн давхар баримтат өвийн хадгалалт хамгаалалт, эзэмшигчийг нотлон баталгаажуулан үүрдийн гэрээ болгосон нь ном соёлыг дээдлэгч Монгол түмний түүхийн гэрч билээ.
Тус хөшөө нь 1955 оноос эхлэн Дархан вангийн хашаа буюу Хүрээлэнгийн хашаанд /одоогийн Үндэсний номын сан/ байж байгаад 2005 оноос Үндэсний номын сангийн захирал асан Г.Аким-ын санаачлагаар Данжуурын гэрэлт хөшөөг шилэн хоргонд хийж залсан билээ.
Монгол шунхан Данжуурыг тамгалан үлдээсэн аугаа дээдэс мину.
Данжуурын гэрэлт хөшөө гэрээ бичгийг сийрүүлвэй.
Гэрээ бичиг (Cyrillic)
Гэрээ бичиг байгуулахын учир, Бээжинд буудлан суух Халх Сайн ноён хан аймгийн Засаг хошой чин ван Наянтын, Цахарын сүрэг хошууны Шашныг бадруулагч сүмд тахиж байх монгол үсгийн бүрэн Данжуур ном нэгэн ижийг эдүгээ Их хүрээний Ардыг гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнгээс томилон ирсэн төлөөлөгч, Түшээт хан аймгийн Эрдэнэ жонон жүн ван Ширнэндамдин, Их шавь түшээ гүн Жамъян нар Бээжинд ирж, Сэцэн чин ван Наянт лугаа зөвдөлцөн хэлэлцэж тогтоод, дуртайяа Сэцэн чин вангийн, Цахар хошууны Шашныг бадруулагч сүмд хураан тахиж байсан монгол үсгийн Данжуур ном бүрэн ботийг Их хүрээний Ардыг гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд залан авчирч тахин шүтэж, үүнээс хойш энэ номыг батлан хадгалах учирт хоёр этгээдээс нүүр золгуулж хэлэлцэн тогтоосон есөн зүйлийг үүрд хичээн дагаж явах хэрэгтэй. Үүний тул энэ гэрээ бичгийг байгуулан тогтоовой.
Нэгдүгээр зүйл, энэ Данжуур ном болбоос Сэцэн чин ван Наянтын дээдэс өвгөдөөс тахисаар үлдээн ирсэн судар ном болой. Эдүгээ Эрдэнэ жонон жүн ван Ширнэндамдин нар Бээжинд ирж залж аваачмуй хэмээсэнд, Сэцэн чин ван дуртайяа энэ Данжуур номыг Их хүрээнээ хүргэн тахиулж үнэ хэрэгсэл хэмээн ч авахгүй, гагц үүнийг басхүү Сэцэн чин вангийн буй бүхүй ном судар хэмээмүй.
Хоёрдугаар зүйл, энэ Данжуур ном болбоос нийт хоёр зуун хорин зургаан ботийг дагалт Хишигдалай бүрнээ жонон ван нарт дутагдалгүй тушаан өгвэй.
Гуравдугаар зүйл, энэ Данжуур номыг үүрд Их хүрээний Ардыг гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд хичээнгүйлэн хураан тахиж огт бусад хүний дураар салган зээлж гадагш гаргаж үзэх ба, бас бус газарт нүүлгэн хурааж үл болмуй.
Дөрөвдүгээр зүйл, энэ Данжуур номыг хожмын өдөр хэрэв бус хүн гаран ирж дахин хэвлэн дарж авмуй хэмээх учир гарваас, эрхгүй Сэцэн чин вангийн фу-д мэдэгдэж зөвлөн тогтсон хойно сая үйлдэж болмуй.
Тавдугаар зүйл, энэ Данжуур номыг хожмын өдөр хэрэв муу хүн гарч гоёчоор худалдах ба, далдуураар бус хүнд зээлэн өгч хураагуулах хэрэг учир гарах болбоос Сэцэн чин вангаас байцаан мэдсэн хэрд даруй албан яамнаа мэдүүлж цааз хуулиар ял шийтгүүлэхээс гадна, бас тоо ёсоор төлүүлэн авмуй.
Зургаадугаар зүйл, энэ Данжуур номыг хожмын өдөр хэрэв сүйтгэж эвдрээд бүрэн гүйцэд үгүй болох болбоос тэр цагт даруй мөн харъяат байсан газрын хүн нараас засамжлан нөхүүлж гүйцэтгэх хэрэгтэй.
Долоодугаар зүйл, энэ номыг Судар бичгийн хүрээлэнд үүрд эрдэнэчлэн хадгалах тул энэ гэрээ бичгийг хөшөө чулуун дээр сийлж тавимуй.
Наймдугаар зүйл, урдах зүйл бүхнийг хоёр этгээдээс нүүр золгуулж хэлэлцэн тогтсон тул үүрд дагаж яваад хэн алин ч зөрчиж үл болмуй.
Есдүгээр зүйл, энэ гэрээ бичгийг монгол нангиад хоёр зүйлийн үсгээр хавсран дөрвөн хувь бичиж, Сэцэн чин вангийн фу-д нэгэн хувь, Жонон жүн ванд нэгэн хувь, Сэцэн чин вангийн Хошуу тамгын газраа нэгэн хувь, Хүрээний Ардыг гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд нэгэн хувь тус тус хураан хадгалж хожмын хянан байцаахуйд бэлтгэвэй.
Наянт
Ширнэндамдин Жамъян
Монгол улсын арван дөрөвдүгээр он арван хоёр сарын хорин найман.
Transcribed by the archivist of the Mongolian National Library B. Otgontuya