Memory of the World
Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах төсөл нь Монгол улсад төдийгүй бүс нутгийн соёлын өвд хамаарах ач холбогдолтой. Түүнчлэн баримтат өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах асуудалд Үндэсний номын сан, Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагуудыг татан оролцуулж байна.

ЮНЕСКО-гийн төв болон Төлөөлөгчийн газруудаас гадна гишүүн орнуудын үндэсний комиссууд идэвхтэй хамтран ажиллаж, соёлын салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Солонгосын үндэсний комисстой хамтран “Монгол Улс дахь баримтат өвийг хадгалж хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлэв.
http://unesco.mn/mn/communication-and-information/programmes/memory-of-the-world-programme/

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны үйл ажиллагааг “Баримтат өв, бүртгэл, судалгаа, хадгалалт, хамгаалалт” хэмээх шинжлэх ухаан технологийн төслөөр эхлүүлж 2011 оноос Шинжлэх Ухаан Мэдээллийн Сангийн санхүүжилтээр Монгол Улсын Үндэсний Номын Санд (МУҮНС) төвлөрөн хэрэгжжээ. Уг төсөл нь доорхи хоёр үндсэн зорилгыг агуулсан.

  1. Монголчуудын бүтээсэн оюуны соёлын өв болон судар номуудыг олон улсын өвийн бүртгэлд бүртгүүлэх замаар үндэсний соёлын ач холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, судлах сурталчлах.
  2. Үндэсний өв соёлоор бахархах үзэл төлөвшүүлэх, Монголчуудын бүтээсэн оюуны өв соёл нь дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой төдийгүй хүн төрөлхтөний оюуны өмчийн нэг хэсэг мөн гэдгийг баталгаажуулах.

Энэ төсөл нь Монголчуудын баримтат өвийг илрүүлэх, хадгалах, түгээх тухай үндсэн ойлголт өгөх, үнэ цэнийг нь ухуулан таниулах үндсэн үүрэгтэй байсан гэж дүгнэж болох юм. Баримтат өвийг нээн илрүүлэх зорилгын хүрээнд Монголын үндэсний баримтат өвүүдийн талаар судалгаа хийж, ЮНЕСКО-ийн Дэлхийн Дурсамж хөтөлбөрт бүртгүүлэх боломж бүхий үндэсний баримтат өвийн жагсаалтыг гаргажээ. Энэ судалгааны үндсэн дээр 2013 онд хэвлэгдсэн 108 ширхэг баримтат өвийн жагсаалтанд орсон үндэсний шилдэг өвийн судалгааг өргөжүүлж 2017 онд жагсаалтыг шинэчилэн товхимол хэвлүүлсэн байна. Энэ хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрт Дэлхийн болон Ази-Номхон далайн бүсийн өвд нийтдээ 6 нэр бүхий өвүүд бүртгэгдээд байгаа билээ. Энэ тухай мэдээлийг МУҮНС-ийн цахим хуудаснаас үзэх бололцоотой юм. Мөн баримтат өвд ямар төрлийн өвүүд багтах тухай ЮНЕСКО-ийн Үндэсний Комиссын цахим хуудаснаас олж үзэн бололцоотой билээ. Тиймээс энд дэлгэрэнгүй жагсааж бичсэнгүй. Харин баримтат өвд хамаарах түүх соёлын үнэ цэнтэй бичиг соёлын бүтээлүүдийн анхан шатны хамгийн гол 3 үзүүлэлтийг нэрлэвэл:

  • Баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан бөгөөд бүрэн бүтэн байх,
  • Баримтат өв нь дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншил, танин мэдэхүйд онцгой нөлөө үзүүлсэн, үнэ цэнтэй бүтээл байх,
  • Баримтат өв нь дэлхийд буюу бүс нутагт онцгой ховор, хосгүй бөгөөд давтагдашгүй байх.

"Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгүүлж болох өвийн судалгаа шинжилгээний ажлын тайлан материал, хадгалалт хамгаалалт, хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг Улсын Нэгдсэн Бүртгэл Мэдээллийн Сан (УНБМС)-д төвлөрүүлэн хадгалах ажлыг зохион байгуулж 630 гаруй өвийг (Registration of Cultural Heritage, RCH) бүртгэлийн программд оруулсан байна. Ийнхүү Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны үйл ажиллагаа МУҮНС-д төвлөрч байдаг билээ. МУҮНС нь ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо гэдэг утгаараа Монголын нутаг дэвсгэр дэх устаж үгүй болох аюултай тулгарсан үнэ цэнтэй баримтат өвийн талаар мэдээллийг олж авах, уламжлах, хадгалж хамгаалах арга замыг зөвлөх, дэлхийн болон Ази-Номхон далайн бүсийн бүртгэлийн шалгуурт тэнцсэн өвийг олж тогтоох, нэр дэвшүүлэх үүрэг хүлээн голлон гүйцэтгэнэ. Мөн Монголын Үндэсний Хорооны үйл ажиллагааг тайлагнах үүрэг хүлээнэ.

ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүсээс Монголын Үндэсний Хороог үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нээлттэй, хүртээмжтэй байлгахыг ямагт уриалж байдаг юм. Өнөөгийн байдлаар 2015 онд Парисын 38-р чуулганаас гаргасан Баримтат өв, дижитал өвийн хадгалалт түүний хүртээмжийг дээшлүүлэх тухай зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөгөө болгон хэрэгжүүлэхийг уриалж байгаа. Үнэ цэнтэй цаасан суурьтай өвүүдийг биетээр нь зохистой хадгалж хамгаалахаас гадна мэдээллийн технологи хурдацтайгаар хөгжиж байгаа энэ эрин үед цахим хэлбэрт оруулж хадгалах нь олон талаар ач холбогдолтой гэдгийг сануулж байгаа. Соёлын баримтат өвийг хадгалагч байгууллагууд ЮНЕСКО-ийн энэхүү зөвлөмжийг баримталж ажиллах шаардлагатай юм.